МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ

Орон нутгийн чөлөөт хэвлэл "Монгол говь" сонин


Орон нутгийн сонинуудын холбооны гишүүн, Өмнөговь аймгийн нийгэм улс төр, мэдээллийн 10 хоног тутмын чөлөөт хэвлэл Монгол говь сонин нь А2-ын форматаар дөрвөн нүүрээр хар цагаан өнгөтэйгээр сард гурван дугаар, жилд 36 дугаар гардаг тогтмол хэвлэл юм.
Аймаг орныхоо төр захиргаа, нийгэм улс төрийн амьдралд болж буй явдлын өрнөл болон бусад олон хэлбэрийн мэдээ мэдээллийг аймгийн ард түмэнд түүний дотор хөдөөгийн малчдад хүргэн сурталчилж ирлээ. Манай сонин аль нэг нам, эвсэл буюу тодорхой хувь хүний эрх ашгаас ангид байж улс төржилгүйгээр нийтлэлийн бодлогоо барьж яваа орон нутгийн ганц сонин гэж үзэж болно.
Мэргэжлийн хоёр сэтгүүлчтэй сум бүрт идэвхтэн бичигчтэй, байнгын уншигч захиалагчтай болсон зэргээр үйл ажиллагаа нь тогтмолжиж, цаашид ажиллах бүрэн боломжтой болж бэхжиж чадсан юм.
Улмаар “Говийн мэдээ” сонины үеэс эхлэн олон жил идэвхтэн бичигчээр ажилласан ахмад идэвхтэн бичигч А.Цоож, М.Цэдэв, М.Дамдинсүрэн нарт “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, Д.Өлзийням, Д.Цэдэвпүрэв, Б.Хорлоо нарт “Ган үзэгтэн” шагналуудыг тодорхойлон олгуулж ахмад үеийнхнийхээ хийж бүтээсэн үйлсийг нь төр засгаар үнэлүүлсэн.
Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөөгийн малчдад хүрдэг цорын ганц мэдээллийн хэрэгсэл бол Монгол говь сонин юм. Түүгээр ч зогсохгүй аймгийн төр захиргааны ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлж, ард түмэн иргэдийн дуу хоолой, индэр нь болж чаддагаараа онцлогтой. Мөн Монгол говь сонин нь хаанаас ч хараат бус байж өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг орон нутгийн бие даасан хэвлэл мэдээллийн байгууллага юм.
Монгол говь сонин нь үе үеийн уншигч захиалагчиддаа зориулсан олон төрлийн булан ажиллуулдаг билээ. Заримаас нь нэрлэвэл:
- Чөлөөт индэр
- Өв уламжлал, ёс заншил
- Байгаль эхээ хайрлая
- Боловсрол
- Эрүүл мэнд
- Хатуу үг
- Асуудал хөндье
- Хэн юу гэв?
- Редакцийн зочин
- Найзууд
- Ажил хүнийг голдгоос, хүн ажил голдоггүй
- Томилгоо
- Монголын говиор
- Хөдөөгийн анир
- Хилийн сонин хачин
- Удирдлагын ордноор…
- Ирээдүйн удирдагч
- Сувилагч зөвлөж байна
- Нэг өгүүлбэрээр
- Түүх сөхөхүйд
- Найраг эргэх мөч дор гэх зэрэг олон олон булан ажиллуулж уншигчдынхаа мэлмийг мялаадаг билээ.
Ийнхүү Монгол говь сонин нь дээрх булангуудаараа болон нийтлэлээрээ нийгэмд болж буй асуудлуудын сайн муу талыг хөндөж бичихээс гадна орон нутгийнхаа сайн сайхны төлөө нилээдгүй зүйлийг хийлээ. Үүнээс зөвхөн 2009 онд иргэд, уншигчдын анхаарлыг татсан нийтлэлээс товч дурьдвал:
- “Өөдлөх айл үүднээсээ”
- “Мал мах экспортлох нь цагаа олсон арга хэмжээ боллоо”
- “Төрийн албаны шалгалт – шалгаруулалт мөн үү?”
- “Тэдэнд илүү цагийн мөнгө өгдөггүй”
- “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр…”
- “Бэлчээрийн мал аж ахуй тойрсон асуудал”
- Энгэр цоолохоос татгалзах уу? зэрэг сэдвээр асуудал хөндөж бичсэн нь орон нутгийн удирдлагууд болоод иргэдийн анхаарлыг ихээхэн татсан.
Мөн доорх ярилцлагууд манай сонинд нийтлэгдсэнээр төр захиргаа, ард түмний дундах тодорхой асуудлын хариулт болж байсан. Жишээ нь:
- “Хүний нийгэмд хүн болж төрчихөөд хүн шиг амьдарч чадахгүй юм бол хүн байгаад яах юм бэ?”
- “Орон нутагт орох ёстой хувийг сангийн яам төвлөрүүлээд авчихдаг”
- “Төрөөс барьцаа хөрөнгийг даадаг болгохоор санал тавиад байна”
- “Нутгийнхаа бахархалыг эмгэнэл болгочихгүй, боломж болгоё”
- “Ардчилал танд эрх чөлөө олгосон”
- “Нэг кг ноосыг 100.0 мянган төгрөг болгох боломж байна”
- “Цогтцэций сумаас манай компанид 60 орчим хүн ажилладаг”
- “Манай аймгийн хэмжээнд байгаа лицензийн 60 хувь нь миний гарын үсгээр олгогдсон” зэрэг ярилцлагыг нэрлэж болно.
 Өмнөговь аймгийн хэмжээнд 2008 онд дөрвөн сонин, дөрвөн телевиз, нэг бүсийн радио, дөрвөн FM радио, нийт 13 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар орон нутгийн эрх баригч намын хоёр телевиз, хоёр FM радио, нэг бүсийн радио ажиллаж байна. Дөрвөн сонин байснаас цаг хугацааны шалгуураар шигшигдэн
Монгол говь сонин нь иргэдийн дуу хоолой, индэр нь болж тогтмолжин үлдэж чадсан юм. Ийнхүү өнөөг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ямар нэг нам эвсэл, хувь хүний хараат бололгүйгээр нийтлэлийн бодлогоо барьж, орон нутгийнхаа ард иргэдийн итгэл найдварыг алдалгүй ажиллаж байгаа Өмнөговь аймгийн цорын ганц чөлөөт хэвлэл болж чадсан юм.

Манай сонины улирлын захиалгын үнэ 3000 төгрөг. Улиралд 10 дугаар гарна. 
Харилцах утас: 23398, 99539389, 98559291, 98557898 
Хаяг: Дөрөвдүгээр сууцны гуравдугаар орц 21 тоот.

10:00 PM | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд онлайн ярилцлага хийлээ


Өнөөдөр  Өмнөговь  аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар  "Өмнөговь аймгийн өмнө тулгамдсан асуудал, хөгжлийн хэтийн төлөв" сэдвээр сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийлээ. Ярилцлагад УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга О.Магнайсүрэн, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Д.Насанжаргал, Төрийн холбооны газрын Мэдээллийн сүлжээний тасгийн дарга Д.Болд, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Мядагсүрэн болон Тамгын газрын ажилтнууд, гишүүдийн туслах, бие төлөөлөгч-туслах, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
        Ярилцлагад оролцогчид УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нараас Оюутолгой төсөл, байгалийн нөхөн сэргээлтийг яаж хийх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх, орон нутагт мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, аймгийн дулаан, цахилгааны асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх тухай  болон өрхийн эмнэлгийг бэхжүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг хэзээ нэмэх,  хилийн боомтын тухай зэрэг орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн асуулт тавьж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж байгаа энэхүү "Онлайн ярилцлага" нь УИХ-ын Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хийгдэж байгаа ажил  бөгөөд ярилцлагыг тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн холбоо, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвтэй хамтран зохион байгуулсан юм.   
      Энэ ярилцлага  нь Улсын Их Хуралтай сонгогч олон нийтийг холбох, хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой болон орон нутгийн мэдээ, мэдээлийн шуурхай байдлыг хангах,  хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах, цаг үеийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг олгож байгаа шинэлэг, ач холбогдолтой ажил болж буйг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан нар ярилцлагын төгсгөлд тэмдэглэн хэлж байлаа.

 Референт Ж.Чимгээ 

Мэдээний эх сурвалж: Нээлттэй парламент  

8:00 AM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбоо


“Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбоо” ТББ Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо нь 2008 оны 12 сарын 18 өдөр үүсгэн байгуулагдсан. Холбоо нь удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны тэргүүнээр Х. Түмэндэлгэр томилогдон ажиллаж байна.

Холбооны зорилго:
Дэлхийн гарал үүслийн төв, эртний амьтан ургамал, хүн төрөлхтний өлгий нутаг, түүх соёлын үлэмж нөөц бүхий Монголын говийг дэлхий нийтэд суртачлан таниулах, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалт, зөвлөмж, чиглэл, мэдээллээр хангах. Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбоо нь удирдах зөвлөлийн 11 гишүүдтэйгээр байгуулагдсан.
1. Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр
2. Монгол Говь жуулчны баазын захирал А.Амгаланбаатар
3. Говийн Зэрэглээ жуулчны баазын захирал Б.Өнөрбат
4. Өмнөговь аймгийн Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын төлөөлөгч Д.Даргахүү
5. Говь Дисковери жуулчны баазын менежер, н.Хүүхэнбаатар
6. Анх сан хоршооны дарга Ц.Поли
7. Говь Гурван Сайхан байгалийн цогцолборт газрын дарга Г.Төмөртогоо
8. Аяллын жолоочдын төлөөлөл, Т.Монголжин
9. Хөгжлийн бодлого, байгаль орчин болон уул уурхай хариуцсан мэргэжилтэн Б.Отгонбаяр
10. Жуулчин Говь жуулчны баазын менежер Н. Ариунсанаа
11. “ Говийн баян бүрд “ жуулчны баазын захирал Пүрэв

Үйл ажиллагааны чиглэл: • Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарыг тогтвортой аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэх • Байгаль орчин, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх түшиц хүчин болон ажиллах • Аялал жуулчлалаас малчид, иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих • Аялал жуулчлалын үйлчилгээ, үйл ажиллагаа байгаль орчныг хамгаалах, бүх нийтэд экологийн боловсрол олгох сургалт, семинарыг зохион байгуулах. • Гишүүн байгууллага, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг явуулна.

2009 хэрэгжүүлсэн үйл ажиллагаа - Өмнөговь аймгийн БОАЖГазар, Засаг Даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлтэй хамтран аймгийн аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх үүднээс аймгийн 9 гайхамшгийг тодруулан батламжийг гардуулаад байна. Үүнд:
1. Говь гурван сайхан уул (Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэрт, аймгийн тахилгат Хошуу овоо гэх мэт )
2. Баянзаг (Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ, Хавцгайтын сүг зураг )
3. Нэмэгт, Хэрмэн цав, (Зуун мод, Зулганай, Нарандаац гэх мэт)
4. Хонголын гол (Зүүн шургуул, Баруун шургуул гэх мэт)
5. Галбын говь (Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Ундайн гол, Хөдөлдөг цохио, Ловон чомбын агуй, Мэлхий цохио, Гурван зээрдын агуй, Шар цавын үлэг гүвэлийн мөр гэх мэт)
6. Ноён богд, Толь хад (Сарын хөндий, Гурван түшмэл, Түшмэдүүд, гэх мэт)
7. Алгуй улаан цав (Сэрвэн хайрхан, Үлэг гүрвэлийн яс, ан амьтан, Тогоон төмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт)
8. Сангийн далай хийд (Аймагт ганц үлдсэн сэргээн засварлаад байгаа хийд)
9. Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл (Улсад алдартай бренд бүтээгдэхүүн)-

Аймгийн аялал жуулчлалын чиглэлээр “ Аялал жуулчлалын өнөөгийн байдал цаашид нийгэм эдийн засгийн оролцоонд бодит хандлага бий болгох талаар” танилцуулгыг аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм. Аялал жуулчлалын өнөөгийн байдал болон үнэлгээтэй танилцаж, цаашид аймгийн Аялал жуулчлалын “Мастер төлөвлөгөө “-г олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, мөн Булган сумын Баян загт Үлэг гүрвэлийн парк байгуулах ажлыг аймгийн ИТХ болон тэргүүлэгчид дэмжсэн юм. Аймгийн нийгэм эдийн засгийн 2010 оны төлөвлөгөөнд зорилт болгон тусган хэрэгжүүлэхээр болсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус холбооны вебсайтаар зочилж аваарай.

Amazing Gobi - www.amazinggobi.com

9:27 PM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Өмнөговь аймгийн музейн танилцуулга

Өмнөговь аймгийн музей нь 10 ажиллагсадтай.Байгууллагын дарга, сан хөмрөгч, Бүртгэл мэдээллийн ажилтан, Сан хөмрөгийн эрхлэгч, тайлбарлагч, санхүүч, үйлчилгээний ажилчид-3 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Музей нь дэргэдээ захиргааны зөвлөл, үзмэр худалдан авах гэсэн 2 зөвлөл ажилладаг.
Манай хамт олон :Монгол улсын төрөөс баримтлах бодлого, соёлын өв болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх замаар Монгол улсын иргэд, ард түмний соёлын их өв, үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судлаж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн дамжуулах, эзэмших, сонгох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Байгууллагын эрхэм зорилго: Музейн үзмэрийг нйитийн хүртээл болгох

Байгууллагын зорилго: Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлуулж, иргэдийн оюуны тодорхой эргэлт хэрэгцээг хангах, улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.
Байгууллагын зорилтууд:
1. Монгол улсын хууль, тогтоомж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар дүрмийг хэрэгжүүлэх
2. Соёлын өвийн хууль тогтоомж, үзмэрийг сурталчлах, олон нийтэд зориулсан соёл олон түмний ажлуудыг зохион явуулах
3. Үзүүлэн дэх үзмэрийн дэглэлтийг сайжруулж, үзэгч орлогын төлөвлөгөөг тогтмол биелүүлж ажиллана.
4. Сан хөмрөг, үзмэрийн баяжилтыг нэмэгдүүлэн, хадгалалт хамгаалалтыг сайжруулан ажиллах.
5. Архив,албан хэрэг хөтлөлтөнд стандарт дүрэм журмыг тогтмол мөрдөж ажиллах
6. Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
7. Музейг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, албан хаагчдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, тэдний ёс зүйн, сахилгын хариуцлагыг өндөржүүлэх, ажиллах орчныг бүрдүүлэх

Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
~ Сан хөмрөгөө төлөвлөгөөтэйгээр байнга баяжуулан иж бүрдүүлэх, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулах
~ Үзмэр эд өлгийн хадгалалтыг хэвийн нөхцлийг бүрдүүлж, байнгын үзлэг хяналт явуулах, арчлан тордох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
~ Сан хөмрөгийн баталгаат бүртгэл, бүртгэл мэдээллийн сан, төрөл бүрийн каталоги, лавлах материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ашиглах
~ Үзмэрийг хадгалахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таниулах, үзэсгэлэнд оролцуулах зэргээр аль нэг судалгаа сурталчилгааны арга хэмжээнд хамруулах
~ Музейн үзмэр, үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэл, уран сайхны зохистой шийдэлтэйгээр дэглэн байрлуулж, тогтмол баяжуулан шинэчлэх
~ Үзэгчдэд зориулан музейн байр танхимын цэвэр, тохилог орчныг бүрдүүлж, шуурхай чанартай үйлчлэх
~ Нийтэд зориулсан танин мэдэхүй сурталчилгааны ажлыг зохион байгуулах
~ Үзэгчдэд тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хйиж, зохистой хэлбэрийг сонгох
~ Байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа болон хилийн чанадад халин гарсан, нуун дарагдсан, нэн ховордсон дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж авах, хамгаалах ажлыг зохион байгуулах

Музейн танилцуулга :
Өмнөговь аймгийн Музей нь 1948 оноос ОНСурвалжлах кабинет 1958 онд ОНСудлах Музей, 1991 оноос Аймгийн музей нэртэйгээр бүтэц зохион байгуулалт, үзмэрээ төрөлжүүлэн Түүх – угсаатны музей, Байгалийн Музей гэсэн салбараар жилдээ гадаад дотоодын 10000 гаруй хүнд соёлын үйлчилгээ, сурталчилгааны ажлаа явуулж байна.

Байгалийн музей. Дархан цаазат Ёлын аманд байрлах Байгалийн Музей нь 1984 онд байгуулагдсан говийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, одоогоос 250-65 сая жилийн өмнө Мезозойн эриний цэрдийн галавын хожуу үетэй холбогдох үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг чулуужсан мод ургамал далай тэнгис байсныг гэрчлэх загас жараахай, сээр нуруутны чулуужсан ховор олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж байна. Хэрвээ та манай байгалийн музейгээр зочилвол: Дархан цаазат хавтгай, ёл шувуу, тас, сар, хойлог болон хадны суусар, хярс үнэг, чоно, аргаль янгир, хар сүүлт, цагаан зээр, хулангийн чихмэлүүдийг амьдрах орчинтой нь харуулахын зэрэгцээ мана, гартаам, чүнчигноров, оюу, номин, усан ба утаат болор, баргилт, хайлуур жонш зэрэг хагас эрдэнийн чулуулаг, алт, зэс, молибедин, хар цагаан тугалга, давс, нүүрс, байгалийн будаг зэрэг орон нутгийн ашигт малтмалуудын дээж үзмэрүүдээс говийн ба байгалийн үзэсгэлэнт газруудын тухай ойлголтоо нэмэгдүүлэх болно.

Түүх угсаатан зүйн музей Энэ музей нь говийн ард түмний зан заншил, шашин шүтлэг, ёс суртахуун, түүхэн замнал, түүх соёлын дурсгалт эд өлгийн үзмэрээр төрөлжүүлсэн 5 танхимтай судалгаа, лавлагаа, сурталчилгааны ажлыг тогтмол явуулж байна. Тус аймгийн нутаг нь эртний хүй нэгдэл чулуун ба хүрэл зэвсгийн үеийн олдворууд, шовийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатнууд, зураач, урчууд дархчуудын урлан бүтээсэн бүтээлийн дээжис тухайлбал Далай Чойнхор, Дарьгангын уран дархчуудын бүтээлтэй энэ зэрэгцэхүйц Ноён, Сэврэйн дархчуудын хйицийн мөнгөн эдлэлүүд, 5-р ноён хутагт Д.Равжаагийн хэрэглэж байсан хаш лимбэ, хүрлийн үеийн янгир толгойтой хутга, археологийн болон палеонтологийн холбогдолтой олдвор мөн говьд ховор онцгой үзмэрүүд нь үзэгч таны нүд булааж, сэтгэлд нэгийг бодогдуулан, мэдлэг оюунаа хөгжүүлэхэд тань тус дэм болно гэдэгт найдаж байна.

Та бүхнийг өмнийн цэнхэр говийн өвөг дээдсээс үе улиран хадгалж ирсэн түүх соёлын агуу их бүтээлийг үзэн баясаж оюуны алжаалаа тайлж зочлон ирж үзэхийг урьж байна.

9:14 PM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Нутгийн хишиг ба хог хаягдлын дэвтэр

Шинэ оноос өмнө өгнө хэмээн амлаж байсан нутгийн хишиг хөтөлбөр Даланзадгад суманд одоо олгогдож эхлэх гэж байна. Хүн амын тоо будлиантай гарсан, гэнэт олон хүн нутгийн хишиг хүртэхээр болсон зэрэг олон шалтгааны улмаас ийнхүү хойшолсоор өдий хүрлээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр өмнөговь аймгийн хэмжээнд олон асуудлыг хавсарган шийдсэн сайн талтай бөгөөд үүний хамгийн томоохон нэг ажил бол хүн амын үнэн бодит тооллого болж байгаа юм. Харин одоо Даланзадгад суманд олгогдох нутгийн хишиг маань тодорхой шалгууртай болохнээ. Энэ нь сумын хэмжээнд амьдарч буй айл өрхүүдийн хог хаягдлын асуудал бөгөөд хог хаягдлын дэвтэр болон хогны мөнгөө төлсөн айл өрхүүдэд хишгээ тараах бололтой. Нутгийн хишиг хэмээн хүлээлт үүсээд байсан иргэдэд маань бас нэгэн ажил нэмэгдээд тэр хог хаягдлын дэвтрийг нь авахаар хүмүүс маш урт дараалал үүсгэж ард иргэд бухимдалтай байна. Заавал ингэж энэ асуудлыг нутгийн хишиг хөтөлбөртэй хавсарган хүмүүстээ тараана гэсэн мөнгөндөө барьцаа тавих хэрэг байсан юм болов уу ...

11:06 PM | Шошго: | Дэлгэрэнгүй »

"Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв" нээгдлээ


Өмнөговь аймагт маань хүүхэд залуучдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар тэр бүр байхгүй гэж хэлэхэд болно. Тэгвэл өнөөдөр цоо шинээр Хүүхэд залуучуудын соёл мэдээллийн төв нээгдэж байна. Бараг 20-иод жил ашиглагдахгүй "балгас" байсан барилгыг Ажнай корпораци богино хугацааны дотор орчин үеийн стандартад нийцсэн кино театр, бялдаржуулах кабинет, интернэт мэдээллийн төв, түргэн хоолны газар зэрэг бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн газар болгож чадлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Ажнай корпорацийн ерөнхийлөгч, төлөөлөгчид, Өмнөговь аймгийн засаг дарга, ИТХурлын гишүүд, Даланзадгад сумын удирдлагууд, аймгийн байгууллага аж ахуй нэгжүүд болон нутгийн иргэд өргөнөөр оролцлоо. Galaxy Cinema кинотеатрт та бүхэн хамгийн сүүлийн үеийн шилдэг шинэ кинонуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэх боломжтой бөгөөд 200 гаруй хүний суудалтай. Мөн  та кино хүлээх зуура, үзчихээд гарахдаа соёлын төвийн дотоод тохижолттой танилцаж эндээс бас тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой. Өмнөговь аймагт байдаг амьтад, шувууд, дэлхийн үүсэл хөгжлийн тухай, ургамалын тухай гээд төрөл бүрийн мэдээллийг хүмүүстээ хүргэхийг зорьжээ. Цаашид маш олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд энэ ажлыг Ажнай корпорацийн дэд захирал Х.Түмэндэлгэр хариуцан гүйцэтгэжээ.

Нээлтийн үйл ажиллагааны зургаас танилцуулж байна.









Сайн үйлс дэлгэрэх болтугай

11:59 PM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Тендерийн урилга 2010/03

Зарласан огноо : 2010-01-22            
Шалгаруулах огноо : 2010-02-22            
Дугаар: 2010/03
Шалгаруулалтын нэр: Өмнөговь "Даланзадгад хотын баруун чиглэлийн 2км хатуу хучилттай автозам тавих"

              Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад хотын 3-р сургуулиас Хилийн цэргийн 0131-р анги хүртэл 2км хатуу хучилттай авто зам тавих -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
               Тендерийн бичиг баримтыг (хvсвэл нэмэлт хувийг) бичгээр хvсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгvй нөхцөлтэйгээр иж бvрдэл бvрийг нь 40000 төгрөг, эсхvл тvvнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь тvvнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хvчинтэй байна.
               Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн   үнийн дүнгийн 2 - хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхvл тvvнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.
                Тендерийг 2010 оны 02-р сарын 22 ний өдрийн 17 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирvvлэх ба нээлтэд оролцох хvсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 02-р сарын 22 -ний өдрийн 18 цаг   0 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Удирдлагын ордон 213 тоот өрөө
Утас 23632 99538306

2:17 AM | Шошго: | Дэлгэрэнгүй »

“Өгөөмөр сэтгэлээ өмнийн говийнхондоо” хандивын тоглолт боллоо

Улс орны хэмжээнд өвөлжилт хүндэрч байгаа энэ үед улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж Өмнөговийн залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан Өмнөговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Өгөөмөр сэтгэлээ Өмнийн говийнхондоо” хандивын 1 сарын аяныг зохион байгуулж байна.

Энэ аяны хүрээнд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд,  нутгийн зөвлөлийн төлөөлөл , Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон “Өмнөговь аймгийн өвөлжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаарх санал солилцох уулзалтыг 2010 оны 01 сарын 18 ны өдөр зохион байгууллаа.

2010 оны 01 сарын 20 ны өдөр Монгол Бөхийн өргөөнд  Өмнөговь аймгаас төрсөн урлагийн мастеруудын хандивын тоглолтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү тоглолтод СГЗ Ц.Цэрэндорж УГЖ Ч.Туул, Д.Бэхбат, Ц.Энхманлай, Бүрнээбаяр, СТА Батсүрэн, Далантай, Д.Хүрэлхүү, Т.Батсайхан, Д.Хишигбаяр, Б.Дэлгэрмаа, Н.Наранбадрах, Сайнбаяр,  Яруу найрагч Э.Хархүү, Х.Сүглэгмаа болон дуучин Б.Амаржаргал, Ч.Энхтайван, Ганбат, Намсрайноров, О.Оюун-Эрдэнэ, Нара, Өлзий, Мөнхбат, ОУ-ын циркийн уран нугараач М.Өлзийбуян, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн теар, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөлөө.

Хандивын  тоглолтын үеэр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ц.Баярсайхан,  “Энержи ресурс” ХХК,  “Ажнай” корпораци “Ээрмэл” ХК, “Олон овоот гоулд” ХХК, “Алко” групп,  “Пүүшин мон” ХХК,  “Дээдийн говь” ХХК,  “Ачит ундарга” ХХК,  “Өүлэн мэнч” ХХК,  “Ди Энд Эл” ХХК,  “Гандирс” ХХК,  “Уран ухаан” ХХК ,  “Тахьдаг хайрхан” ХХК,  “Ололт” групп,  “Тун-Эрдэнэ фарм” ХХК, “Ноён энержи” ХХК,  “Цахир дэвсэг” ХХК,  “Сэврэй хайрхан “групп,  “Ориент энержи” ХХК,  “Очир ундраа” ХХК, “Жи Жи Ай” ХХК, “Сондог” ХХК, “Азийн зам” ХХК болон аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Отгонбаяр, Олимпийн аварга Э.Бадар-ууган, Газар Партнес ББСБ захирал Машбат, Ханхонгор сумын уугуул Жавзмаа, Эвийхүү зэрэг олон байгууллага, хувь хүмүүс хандив өргөлөө.

Хандивын тоглолтын үеэр аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой “Нийгмийн хариуцлагын түншлэл”-д байгуулага, аж ахуйн нэгж, ТББ-уудыг нэгдэхийг уриаллаа.
Хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд хандивын төв штаб Соёлын төв өргөөний А корпус Өмнөговь аймгийн төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа явуулж байна.

Харилцах утас 98638339
Хандивын данс:  ХААН БАНК 5020740149

Эх сурвалж: medee.mn

11:38 AM | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ улсын Их Хурлын Нэгдсэн хуралдаанд цаазаар авах ялтай холбогдуулж хэлсэн үг


Эрхэм хүндэт ард иргэд ээ,
УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Өчигдөрхөн Монгол улс ардчилсан Үндсэн хуулийнхаа 18 жилийн ойг хүндэтгэн тэмдэглэв. Хүний эрх, эрх чөлөөт байдал, хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх нь манай Үндсэн хуулийн гол зорилго юм. Үндсэн хууль нь Монгол түмний ардчилсан ололтын хөдлөшгүй баталгаа, түүний хэлбэрэлтгүй хэрэгжилтийн эх сурвалж болж байдаг.

Үндсэн хуулиа хэрэгжүүлж улс нийгэмдээ хүний эрх, эрх чөлөөт байдал, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд бид багагүй ахиц дэвшилд хүрсэн. Бас цаашид ч хийх зүйл их байна.

Монгол улсын Үндсэн хуулинд эрэмблэн тунхагласнаар хүний эрхэм эрхийн хамгийн дээд нь амьд явах эрх юм. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг Монгол улсад хатуу хориглодог.

Өнөөдөр би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ хүндэт индрээс Монгол улсын иргэний амьд явах эрх, түүнийг бусниулах цорын ганц шалтаг болсон цаазаар авах ялын тухай байр сууриа илэрхийлэх гэж байна. Энд би зөвхөн хуулиар хориглоогүй, нээлттэй ил тод мэдээлэлд үндэслэн ярих болно.

Миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд долоо дахь сардаа ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол улсад цаазаар авах ялын гүйцэтгэл хийгдээгүйг дурьдах нь зүйтэй байх. Монгол улсад цаазаар авах шийтгэлтэй ялтны амь уучлах хүсэлтийг хүлээж авах, эс хүлээж авах шийдвэр нь эцсийн шатанд Төрийн тэргүүнийх байдаг. Эрдэнэт хүний алтан амийг уучлах эсвэл таслах шийдвэр өөрт ноогдож, үзэгний үзүүрт ойрхон ирсэн тэр цаг дор би бүрэн эрхийнхээ хүрээнд нэгэн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан.

Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдийн үйлдсэн гэх хэргийн байдал, сэдэл, иж бүрдэл янз бүр байдаг. Харин Төрийн тэргүүний хувьд энэ асуудлаар барих миний зарчим нэг байх ёстой гэж би үзсэн. Энэ бол тэр ялтны, тэр иргэний амийг уучлах. Энэ зарчмаа би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд цаашид тууштай баримтлах болно.

Ингэж ажиллах нь манай улсад хүний амины эрхэм үнэлэмжийг баталгаажуулахад тустай. Мөн ийм алхам хийх шаардлагыг үүсгэж байгаа шалтгаанаас өнөөдөр заримыг нь дурьдах нь зүйтэй гэж бодож байна.

Шалтгаан нэг: Амь уучлах гэдэг бол ял уучлах гэсэн үг биш. Цаазаар авах ял шийтгүүлсэн ялтны амийг Монгол улсын Ерөнхийлөгч уучилсан тохиолдолд, тэр этгээдийн ял гучин жилийн хугацаагаар гянданд хоригдох ялаар солигддог. Өнөөдрийн мэдэгдэж байгаа албан ёсны баримтаас үзэхэд хуулинд заасан энэхүү ялыг бүрэн эдэлж дуусгасан амьд хүн манай улсад алга байна. Энэ нь цаазаар авах ялаар шийтгүүлсэн этгээдүүд нэг бол үхсэн эсвэл үргэлжлүүлэн ялаа эдэлж байна, тэднээс наранд гарсан хүн одоо алга гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт ноогдуулсан ял нь шударга байх юм бол тэр этгээд үхэн үхтлээ үйлээ шоронд эдлэх нөхцөл Монголд үйлчилж байна.

Амь уучлагдсан ялтнуудын хоригдож байхдаа нас барсан шалтгаан нь амиа хорлосон эсвэл өвчний улмаас гэсэн тодотголтой байгаа юм. Одоогоор цаазаар авах ял нь уучлагдан ял эдэлж байгаа ялтнуудаас гяндангийн нөхцөлд эдлэх 15 жилийн ялаа бүрэн эдлээд, хуулийн дагуу дэглэм буурч, онцгой дэглэмд үлдсэн ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа ялтан 2 байна. Бусад нь гянданд ялаа эдэлж байна. Монгол улсад цаазаар авах ял шийтгэгдээд амь нь уучлагдсан ялтны ял чанга, энэ чиглэлийн ялын бодлого тууштай хэрэгжиж байна.

Шалтгаан хоёр: Хүнд хэрцгий гэмт хэрэгт ноогдуулах ял чанга байх ёстой. Гэхдээ цаазаар авах ял нь уг зорлигод иж бүрэн үйлчилж чадахгүй байна. Уг шийтгэлийг гүйцэтгэснээр бүх зүйл дуусаж байна. Цаазаар авах ялыг оноохдоо хийдэл гаргасан, бүр гэмгүй иргэний амийг хууль шүүхийн ажиллагааны алдаа мадгаас болж төр егүүтгэсэн байх, эсвэл цаазаар авах биш өөр ялаар тухайн хүн шийтгэгдэх байсан уу гэх асуултууд хариултгүй үлддэг.

Тэр тусмаа их хохиролтой, зохион байгуулалттай зарим хэргийг ч тодорхой этгээдийг цаазалснаар далимдуулж хаах боломжийг энэ төрлийн ял олгож байгааг үгүйсгэх аргагүй юм. Цаазаар авах ял нь уг ялаар шийтгэгдсэн этгээд, аль эсвэл шийтгэгдэх ёсгүй этгээдийн хувьд шударга шийтгэл болж бас чадахгүй байна. Цааз тойрсон алдаа мадаг, түүнийг далимдуулсан эс далимдуулсан, ял завшсан завшаагүй, санаатай санаагүй үйлдэлд санаа зовохгүй байхын аргагүй. Зөвхөн ил тод болсон, цаазлуулах шийтгэл оноогдоод тэр ял нь өөрчлөгдсөн жишээнээс зарим нэгийг дурдъя.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүн амины хэрэгт Монгол улсын 5 иргэн сэжиглэгдэж тус бүр 207-1252 хоног хоригдсон байдаг. Тэр тавын дөрөвт шүүхээс нэг удаа цаазаар авах ял оноосон. Харин эцсийн шатны шүүхийн шийдвэрээр тэдгээр нэр бүхий иргэд цаазаар авахуулах биш, үйлдсэн гэх хэрэг нь хэрэгсэхгүй болж цагаагдсан.

Дээрх хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэн тухайн шийдвэр гарахаас өмнө, хоригдож байхдаа сүрьеэ өвчний улмаас нас барсан. Хэрэв давж заалдах шатанд шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, тэр хүмүүсийн амь уучлагдаагүй байсан бол, Монгол улсын тэдгээр гэм зэмгүй иргэдийн амь төрийн буудан алах ялаар хороогдох байжээ.

Үүнээс гадна нэг иргэнийг 6 жил 8 сар 23 хоног мөрдөн шалгаж, 6 удаа прокурор түүнд яллах дүгнэлт бичиж, 3 удаа шүүх түүнд цаазаар авах ял оноосон байдаг. Харин дээд шатных нь шүүхийн магадлангаар түүний хэрэг хэрэгсэхгүй болсон.

Монголын Эмнести интернэшнл байгууллагын мэдээнд, манай улсад шат шатанд цаазаар авах ял оноож байгаа 3 шийдвэр тутмын доод тал нь нэг нь хүчингүй болж, өөрчлөгдөж байсныг тодорхой баримтад тулгуурлан бичжээ. Ийм дутагдлыг Монгол улсын төр хүний амины асуудал дээр хэрхэвч гаргаж болохгүй, ийм хийдэл байх ёсгүй гэдгийг Та бүхэн сайн ойлгож байгаа. Гэтэл байдал ийм л байна.

Шалтгаан гурав: Цаазаар авах ялыг цаазаар шийтгэгдэх ёстойд нь биш ёсгүйд нь халдааж хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг. Эрх мэдэлд ойрхон, бас түүнд нөлөөлөх боломжтой хэсэг, зарим шийдвэр гаргагчдын улс төрийн болон явцуу сонирхлыг гүйцэлдүүлэх хэрэгсэл болсон тохиолдлууд ч бий. Монголчууд ч дээрхи гашуун сургамжийг тойроогүй. Монгол улс бол зуун дамжуулж цагаатгал хийгээд хилсээр цаазалсан иргэдээ цагаатгаж дуусаагүй байгаа, 1 хүнд ноогдох тэдгээр иргэдийнхээ тоогоор дэлхийд толгой цохидог орны нэг.

Манай өнөөгийн мөрдөж байгаа эрүүгийн хуулиар буудан алах ял бол цааз авах гэмт хэрэг үйлдсэн хүнд аюултай биш, харин тийм гэмт хэрэг үйлдээгүй хүнд аюултай шийтгэл. Монгол улсад цаазаар авах шийтгэлийг гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас хүрсэн, гэхдээ 60 нас хүрээгүй эрэгтэй хүнд оноодог. Бас гэмт хэрэг үйлдээгүй, аль эсвэл өөр ялаар шийтгэх боломжтой байхад уг ялыг дээрхи насны хоорондох дурын иргэндээ оноочихсон байх хаалгыг өнөөдөр бид хаагаагүй байна.

Ийм боломж нээлттэй байхын зовлонг монголчууд хангалттай амссан. Зөвхөн ганц жишээ дурдъя. 1937 оны 10 дугаар сараас 1939 оны 4 дүгээр сарын хооронд 16 сарын дотор, тэр үед шүүхийг орлон байгуулагдсан Онцгой бүрэн эрхт комиссын 51 удаагийн хуралдаанаар 20474 хүнийг буудан хороох ялаар хилс шийтгэсэн байдаг. Нэг удаагийн хурлаар 1228 хүртэл хүнийг бөөнд нь цаазаар авахаар шийдвэрлэсэн тохиолдол ч гарсан. Тэдгээрийн дунд 8-н эмэгтэй цаазлагдсан баримт бий.

Монголчуудын нилээд нь дээрхи хэлмэгдэлд гадаадын гар хөл оролцсон гэж үздэг. Цаазтай ялыг хадгалах нөхцөлд түүнийг дотоодоос төдийгүй гаднаас ашиглах боломж байдаг. Түүхэнд хэлмэгдсэн манай иргэдийн ихэнх хувийг хийж бүтээх ид насандаа хилс хэрэгт ороогдон цаазлагдсан хүмүүс эзэлдэг.

Тэр үеийн улс төр, эрх зүйн орчинг өнөөдөртэй харьцуулах аргагүй. Маш том өөрчлөлт орсон. Гэхдээ цааз хэмээх шийтгэл нэг л мөн чанартай. Хүний амийг төрийн нэрийн өмнөөс егүүтгэдэг. Тэр нь өөрчлөгдсөнгүй. Монгол улсад шүүхээс цаазаар авах ял шийтгэгдэж байгаа иргэдийн 67 хувь нь идэрхэн 20-40 насны эрчүүд байгаа юм. Мөн тэдний олонхи нь анх удаа гэмт хэрэг үйлдэж цааз сонссон байдаг.

Шалтгаан дөрөв: Цаазаар авах ял бол хэн нэг нь өмөөрөөд байх хүсүүштэй ял биш. Аль эсвэл хэн нэг нь эсэргүүцээд байх огт хоосон газар бий болсон шийтгэл бас биш. Харин энэ бол хамгийн эрсдэл өндөртэй, хүний хүн ёсны үнэлэмжийг үхтэл нь дордуулдаг шийтгэл.

Цаазаар авах ялын нэг талд нь уг ялаар шийтгүүлэгч этгээд, нөгөө талд нь хохирогч байдаг. Мөн гомдол саналтай ар гэрийнхэн нь, ойр дотных нь хүмүүс үлддэг. Балмад гэмт хэргийн хохирогчид “амийг амиар” гэж шаардах нь байдаг. Амийг амиар солиод ч асуудал бүрэн шийдэгддэггүй. “Энэ эмгэнэл биднээр дуусаг” гэж хэлдэг нь ч бий. Юуны өмнө ийм байдлаас хохирсон, өнчирсөн иргэдээсээ уучлал гуйя.

Гаргаж болохгүй алдаа гэж байдаг. Зөвхөн хаалгыг нь хааж байж зогсоодог алдаа ч бий. Энэ бол цааз. Цаазыг бүрэн халахгүйгээр түүнийг тойрсон алдаа завхралаас бүрэн ангижрах боломжгүй. Цаазыг хэрэглэхгүй болсон цагт л хүний амины, хүний эрхийн үнэлэмж жинхэнэ ёсоор дээшилж, баталгаа нь сайжрах бодит нөхцөл бүрэлддэг. Энэ шийдвэрийг гаргахад оролцдог эрх бүхий байгууллага, хүмүүсийн хариуцлага ч дээшилдэг. Хүний мөн чанарын нэг үзүүлэлт бол шударга ёсыг хүсдэгт оршдог. Амьд хүн аргатай гэсэн үг ч бий. Хилс шийтгэгдсэн ч амьд хүнд л үнэн мөнөө олох боломж үлддэг.

Монголчуудын хувьд хүний амийг дэлхий даахгүй баялгаас ч үнэтэй гэж үздэг. Тийм ч учраас хүнд хамаатуулж зөвхөн “Алтан амь” гэсэн тодотгол хэрэглэдэг. Хүн хүнийхээ амийг егүүтгэхгүй байх бүрэн баталгааг аль ч нийгэм бүрэлдүүлж чадаагүй байна. Харин төрийн нэрийн өмнөөс иргэнийхээ амийг егүүтгэхгүй байх боломж Монгол улсад бий. Олон нийтийн шахалтаар цаазаар авах ялаас татгалзсан орон гэж дэлхийд үгүй. Харин төр нь энэ ялыг хэрэглэхээс татгалзсан орны тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Энэ дэлхий хэмээх хөх гариг дээр хүн хүнээ хөнөөхгүй байх баталгаа мөд бий болохгүй байж магадгүй. Харин аажмаар дэлхийн бүх улс орон иргэнийхээ амийг төрийн нэрийн өмнөөс хөнөөхгүй түвшинд хүрч чадна гэдэгт би итгэдэг. Монгол улс хэтэрхий оройтсон ч, бүр олон орны хойно сүүл мушгисан ч цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.

Шалтгаан тав: Монгол улс бол дэлхийн хамтын нийгэмлэгийн нэг гишүүн. Нэгдсэн Үндэсний Байгууллага цаазаар авах ялыг дэмждэггүй. Энэ ялаас гишүүн орнуудаа татгалзахыг байнга уриалдаг. Шийдвэр ч гаргадаг. НҮБ нь цаазаар авах ялын эргэн тойрон дэх нөхцөл байдал, дэвшил ухралтын талаар дэлхийн хамтын нийгэмлэгт байнга тайлагнаж, танилцуулдаг.

Дэлхийн улс орнуудыг цаазаар авах ялын хувьд: уг ялыг бүрэн халсан, хэрэглэхгүй байгаа, хэрэглэдэг гэж ерөнхийд нь гурав ангилж байна.

Европ тивийн 42 орноос 40 оронд цаазаар авах ялыг хэрэглэхээ больжээ. Нэг улс цаазаар авах ялаас албан ёсоор түдгэлзжээ. Өөрөөр хэлбэл Европ тивийн цаазаар авах ялаас ангижирч байгаа үзүүлэлт нь 98 хувьтай байна.

Африк тив дэх 43 орноос 18 нь цаазаар авах ялыг бүрэн халжээ. Дээр нь энэ тивийн 11 орон цаазаар авах ялыг хэрэглэхгүйгээ мэдэгдэж түдгэлзсэн байна. Ингэж Африк тивийн нийт орнуудын 67,5 хувь нь цаазаар авах ялыг халсан эсвэл түдгэлзсэн үзүүлэлттэй байна.

Латин Америкийн 18 орноос 14 оронд цаазаар авах ялыг халж чадсанаар энэ тивийн дээрхи үзүүлэлт 78 хувьд хүрчээ. Ази тивийн 46 орны 17 нь цаазаар авах ялыг халжээ. Нэг орон энэ ялыг хэрэглэхгүй түдгэлзсэн байна. Энэ үзүүлэлтээрээ Ази хамгийн олон орон оршдог тивүүдийн дотор 40 хувьтай байгаа юм.

Гэхдээ манай тивд бүр цаазаар авах ялаас татгалзсан бас уг ялыг хэрэглэхгүй гэж зарласан орнуудын тоо нэмэгдсээр байна. Хүний эрх, ардчиллын хувьд шүүмжлэлд өртдөг Төв Азийн “стан” улсууд цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх чиглэлд тэмдэглүүштэй ахиц дэвшилд хүрч чаджээ. Тухайлбал Казакстан, Киргизстан, Туркменстан, Узбекстан, энэ 4 орон дөрвүүлээ цаазаар авах ялыг халжээ. Харин Таджикстан цаазаар авах ялын гүйцэтгэлийг хийхгүй зогсоосноо дэлхий нийтэд зарлажээ.

улс орон бүхэн өөр өөрийн замтай. Монгол улс ч өөрийн сонгож авсан замтай. Монголчууд ам, ажлын нэгдлийг гярхай хардаг ард түмэн. Бид үнэхээр хүний эрх, эрх чөлөөт байдлыг эрхэмлэн дээдлэхээ зорилгоо болгосон бол, энэ тухайгаа тунхаглан зарласан бол энэ үүргээ бүрэн хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх л ёстой. Аливаа ололт амжилт, дутагдалд үзүүлэлт, хэмжүүр байдгийн адилаар дээрхи ажил ч тодорхой шалгууртай. Хүний эрх, эрх чөлөөт байдлын эрхэм дээд шалгуур бол түүний хэрэгжилт бүрэн байхад л оршдог. Иймээс Монгол улсын төр цаазаар авах ялын тухай бодлогоо хожимдсон ч гэсэн эргэж харах хэрэгтэй. Учир нь дэлхийн улс орнуудын бараг дийлэнх олонхи нь цаазаар авах ялаас татгалзах замыг сонгожээ. Бид ч энэ замд нэгдэх ёстой. Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой.

Шалтгаан зургаа. Гэмгүй иргэнийхээ амийг уучлах баталгаа өгч чаддаггүй улсад “төрдөө итгэ”, гэж ард түмэндээ хэлэх ёс суртхууны эрх үүсдэггүй. Цааз хэрэглэдэг улсын төрийн тэргүүний хувьд энэ үгийг би өнөөдөр хэлж чадахгүй.
-Таны амийг ямар ч тохиолдолд, мэдсээр байж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж егүүтгэхгүй гэж иргэддээ хэлж чаддаг Ерөнхийлөгч байхыг би хүсэж байна.

Ёс суртхууны эрхийг хэмжих боломжгүй. Түүнийг метрлэж эсвэл литрлэх аргагүй юм. Нэг бол ийм эрх байна. Эсвэл тийм эрх байхгүй. Энэ эрх төрийн тэргүүн хэн байхаас, ямар хүмүүс Монголын төрийн бодлого тодорхойлохоос хамаарах ёсгүй. Монголын төр иргэндээ: “Нэг өдөр таны болон таны ойр дотны, амин хайртай нэгний чинь амин газар луу буу онилохгүй байхын тулд, тэр цаазаар авахуулах ял шийтгэгдсэн хүний амийг уучилж, 30 жилийн хорих ялаар сольж байгаа юм” гэж хэлж чаддаг л болох ёстой.

Монгол улсад цаазлах ял байгаа нь Монголын ард түмний буруу биш. Уг ялаар иргэн шийтгэгдэж байгаа нь манай хууль шүүхийнхний ч буруу биш. Харин тэд ялыг шударга оноохыг эрмэлзэж, шударга бус болсон гэж үзвэл түүнийг өөрчилсөөр ирсэн. Гэхдээ тэнд алдаа гараагүй гэж би хэлж чадахгүй. Алдаа гарахгүй ч гэж би хэлж бас чадахгүй. Тэнд хүний амины үнэтэй алдаа гарч болно. Хууль, шүүхийн байгууллагад хүн л ажиллаж л байгаа. Алдаанаас ангид бодгаль байхгүй гэж ярьдаг биз дээ.

Цаазыг өөрчлөх нь аль ч оронд улс төрийн шийдэл байдаг. Ийм ял байгаа нь буруу бол манай улс төрчдийн, Монгол оронд бодлого тодорхойлж байгаа Та бидний л буруу. Цаазаар авах ялын тухай улсын Ерөнхийлөгчийн хувьд, сонгодог албан тушаалтны хувьд асуудал хөндөх нь амар биш. Миний итгэл үнэмшил бол улс төрчийн хувь заяа амар байх ёсгүй. Хэцүүг бид хөндөж, хэцүүг бид өөрчлөхгүй юм бол, энэ оронд байгаа хэцүү асуудалтай өөр хэн улаан нүүр, нүцгэн гараараа тулалдах юм бэ?

улс төрчид асуудал шийдэхдээ нийгмийн сэтгэл зүйг тооцох гэж оролддог. Цааз бол төр нь санаачилж, төр нь ухуулж, төр нь үлгэр жишээ үзүүлж, төр нь хөтөлж шийддэг асуудал. Монголын төр өршөөж, уучилж чаддаг аугаа эрхэм уламжлал, түүхтэй төр. Есөн удаа ялаас хэлтрүүлж байсан түүх, хуулийн бодлого Монголын төрд л байсан. Хүний сэтгэлд төрөх өш хонзонг яалтай. Нийгэмд байгаа хүчирхийллийг яалтай. Гэхдээ төрийн зүрх, тархинд бол өршөөл уучлал хадгалагдаж байх ёстойг бидний ихэс дээдсийн дээрхи мэргэн бодлого харуулж байгаа юм.

Монголын нэн шинэ түүхэнд цаазаар авах ялыг хэрэглэхгүй гэж шийдвэрлэсэн гэгээн тохиолдол бас бий. 1953 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн АИХ-ын Тэргүүлэгчдийн 93 дугаар зарлигт “БНМАУлсад дагаж шийтгүүлэн байгаа хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгүй болгож” гэж шийдвэрлэсэн байдаг. Гэвч дээрхи шийдвэрээсээ 10 сарын дараа тодорхой шалтгааны улмаас буцжээ. Цаазаар авах ялаас татгалзаад уг ялыг дахин хэрэглэсэн орнууд байдаг. Гэхдээ ийм хандлага сүүлийн жилүүдэд дэлхийд цөөрсөөр байна. 1985 оноос хойш цаазаар авах ялаас 50 гаруй орон татгалзжээ. Тэдний зөвхөн 4 нь шийдвэрээсээ буцсан гэж тэмдэглэгдэн үлджээ.

Адал балмад аллага, гэмт этгээдийн тухай сонссон аль ч олонлог түүнийг төрөөс хатуу цээрлүүлэхийг шаарддаг. Хилэгнэсэн олны хилэнд автвал хилэнцтэй шийдвэр гаргах магадлал улам өндөрсдөг. Иймээс ялын хатуу бодлого эргэж хянах боломжтой, тийм шийтгэл тогтвортой, цагийн шалгуур даадаг байх ёстой. Алах ялаар шийтгэгдсэн этгээдийн амийг уучлахдаа олон жилээр, тухайлбал 30 жил түүнийг хорьж шийтгэх ялаар сольдог нь зүгээр ч тогтсон жишиг биш юм. Эгзэгтэй хэргийг ул суурьтай шалгаж, аюултай гэмт хэрэгтнийг удаан шийтгэх нь буруу биш.

Шалтгаан долоо: Монгол улсад ардчилсан оронд байдаг олон зовлон бэрхшээл бий. Бас түүнийгээ шийдэх боломжууд ч бий. Бүс нутагтаа эрх чөлөөний загвар болон гэрэлтэх Монгол улсын сайн нэрэн дээр нэг том хар толбо бий. Тэр бол хүний нандин эрхийг үхтэл нь унагадаг цаазаар авах ял юм.

Би Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд хөгшин, хүүхэд ялгалгүй олон иргэддээ гар утсаар нь дамжуулан 2010 оны эхний өдөр мэндчилэгэ хүргэсэн. Би мэндчилгээндээ “Монголынхоо сайн нэрийг Та гаргаж чадна” гэсэн мессежийг хүргэхийг хичээсэн.

Монгол улс цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй орон болж байгаагаа зарлаж, улмаар энэ ялыг хэрэглэдэггүй орон болж чадвал Монголын нэр дэлхийд сайнаар гарна. Монголчууд цаазаар авах ялын тухай улс гэр дотроо санал зөрөлдөж болно. Харин дэлхийд Монголын нэр, Монголын үнэлэмж улам сайжирна. Би төрийн тэргүүний хувьд Монголынхоо нэрийг сайнаар дуулгах энэ ажлыг гүйцэлдүүлэхийн тулд шаардлагатай санал санаачлагыг гаргах болно. Эрхэм УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, улс орныхоо сайн нэрийг эрхэмлэгч байгууллага иргэд та бүхнийг надтай нэгдэхийг хүсье.

Өнөөдрийн хувьд Монгол улсад “De jure” буюу хуулийн дагуу цаазаар авах ял байгаа. Харин “De facto” буюу практикт уг ялыг гүйцэтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг 30 жилийн гянданд хорих ялаар сольж байгаа юм. Энд бас 2 зүйлийн жижиг тодруулга хийх хэрэгтэй. Нэгд нь; энэ бодлого цаазаар авахуулах ял шийтгүүлсэн тухайн хоригдол Ерөнхийлөгчөөс амь гуйсан тохиолдолд хэрэгжиж байгаа. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллах өнгөрсөн хугацаанд амь гуйгаагүй ялтан гараагүй болно. Ер нь амь гуйхгүй байх нь маш ховор тохиолдол. Нөгөө нь өнгөрөгч 2009 он бол бүхэлдээ цаазаар авах ялын гүйцэтгэл Монгол улсад нэг ч хийгдээгүй жил юм. Учир нь амь гуйгаад хүлээгдэж байсан ялтнуудын амийг би уучилсан. Цаашдаа ч цааз аваад хүлээгдэж байгаа ялтны амь уучлагдаж гянданд эдлэх ялаар солигдоно.

Нөгөө талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд би 2009 онд цаазаар авах ялын бодлогод Монголд гарсан өөрчлөлт цаашид үргэлжилнэ гэдгийг парламентдаа, ард түмэндээ, олон улсад хандан өнөөдөр зарлаж байгаа юм. Ингэж Монгол улс өнөөдрөөс эхлээд цаазаар авах ялын хувьд уг ялыг гүйцэтгэхээс түр түдгэлзэж, олон улсын түгээмэл ойлголтоор энэ ялын гүйцэтгэлд “Moratorium” зарлаж байгаа орон боллоо. Цаашаа Монгол улсын зорилго уг ялыг огт хэрэглэдэггүй орон болоход, тийм чиглэлд хууль журмаа өөрчлөхөд оршино.

Дээрхи бодлого бол Монголын ард түмний 20 жилийн өмнө хийсэн түүхэн сонголттой, манай улсын хүний эрх, ардчиллыг дээдэлсэн зам мөр, зорилготой бүрнээ нийцнэ гэж би үзэж байна. Маргаашнаас эхлээд монголчууд иргэнээ төрийн нэрийн өмнөөс цаазалдаг орны тооноос, иргэндээ оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэдэггүй, тухайн ялтныг удаан хугацаагаар, хатуу чанга дэглэмд хорьж шийтгэдэг орны тоонд орно. Бас маргаашнаас эхлээд миний одоо хэлж байгаа шиг цаазаар авах ялыг халах тэмцэл амар хялбар явагдахгүй нь ойлгомжтой. Харин би Монгол улсын төрийн тэргүүний хувьд эхлүүлсэн энэ ажлаасаа ухрах, буулт хийх ямар ч бодол алга. Учир нь энэ бол зөв, ариун, шударга зорилт юм.

УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ. Би үгээ ингээд дуусгаж болж байна. Гэхдээ надад хэлэх нь зүйтэй гэж үзсэн нэг шалтгаан, хоёр онцгой нөхцөл байна. Тэвчээртэй үргэлжлүүлэн сонсохыг хүсье.

Шалтгаан найм. Цаазаар авах ялыг хадгалахад чиглэсэн нэг тайлбар бол уг ял нь гэмт хэргийн бууралтад нөлөө үзүүлдэг гэсэн ойлголт юм. Цаазаар авах ялыг халснаар гэмт хэрэг тухайн оронд өссөн, эсвэл буурсан гэх үзэгдэл нэг ч судалгаагаар нотлогдоогүй байна. Харин зэрлэг балмад гэмт хэргийг үйлдэх, түүнийг даамжруулах хүчин зүйл болдог гэсэн ажиглалт байдаг. “Би дүүрсэн хүн” гэдэг хэллэг, түүнээс үүдсэн балмад үр дагаварууд ч дээрхи ажиглалттай холбоотой байж болох юм.

Аллагыг аллагаар засах аргагүй. Зөөлөн нь хатуугаа гэж ярьдаг. Үхлээс зарим нь айдаг байхад, үхэл заримыг нь улам зэрлэгшүүлдэг. Харин бузар гэмт хэрэг үйлдэгдсэд шударга шийтгэлээс айдаг. Шударга шийтгэл гэдэг бол тухайн гэмт үйлдэлд таарсан шийтгэл байхаас гадна, хэргийн үнэн мөн нь бүрэн тогтоогдож ил тод болоход оршдог.

Холын жишээ дурьдахад: АНУ-ын цаазаар авах ял хэрэглэдэг мужид, уг ялыг хэрэглэдэггүй мужаас гэмт хэргийн, тэс тусмаа зэрлэг балмад гэмт хэргийн түвшин өндөр байдаг тухай зарим эх сурвалжид өгүүлсэн нь бий. Гэхдээ Америк бол цаазаар авах ялын хувьд бидний үлгэр жишээ аваад байх газар биш. Англи улс цаазаар авах ялаас татгалзаад бүтэн 40 жил болжээ. Энэ хугацаанд 20 гаруй удаа уг ялыг сэргээх гэсэн оролдлого гарчээ. Харин энэ орны бодлого тодорхойлогчид улсынхаа эрхэмсэг нэр төрийг тууштай хамгаалж, бүр дайны үеийн гэмт хэрэгт ч цаазлах ял хэрэглэхгүй байхаар эцэслэн шийджээ.

Монгол улсын цаазлах ялын бодлогод бусдын жишгээс онцгой гажсан гэхээр зүйлүүд цөөнгүй байдаг. Цаазаар авах ял сонссон хүн хэргээ давж заалдах бол 10, хэрвээ амь гуйх бол дөнгөж 15 хоногоор хуулийн хугацаа нь дуусдаг. Олон улсын байгууллагын энэ хугацаанд тавьдаг шаардлага бол наад зах нь 3 жилээс багагүй байх ёстой гэж үздэг. Цаазтай хэргийн нотлох баримтад ДНК-гийн шинжилгээг заавал оруулахыг шаарддаг зарим өндөр хөгжилтэй оронд уг хэрэгт холбогдон хоригдож байсан хүмүүс гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдож хэдэн арваараа суллагдсан тохиолдол ч байдаг.

Монгол улсын эрүүгийн хуулинд хүнийг цаазаар аваачих шалтаг чамгүй олон байна. Мэргэжлийн болон албаны байгууллагууд түүнийг янз бүрээр тоолдог. Нэг үгээр хэлбэл тэнд тодорхой заалт ч байна, бас яаж ч урвуулж болохоор ойлголтууд байна. Манай эрүүгийн хуулинд цаазтай зүйл ангийн тоо 7 бий гэж үздэг. Харин тэр 7-н заалт дотроо, надад гаргаж өгсөн албаны эх сурвалжийн тоолж жагсааснаар, хүнийг цаазаар авах ял шийтгэж болох 59 хэсэг, гэмт үйлдэл байна. Ийм өргөн талбарт гаргаж байгаа шийдэл төгс төгөлдөр, зуун хувь шударга байх боломж нэн хомс юм. Тиймээс цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзах нь олны нийтлэг жишиг болж нэгэнт тогтжээ.

Манайд цаазаар авах ялыг хэрэглэдэг орнуудад байдаг нийтлэг дутагдал бий. Харин зөвхөн Монголын гэж хэлж болохоор бүр дэлхий нийтээрээ мэддэг маш жигшүүртэй, бүдүүлэг алдаа ч байна. Би цаазаар авах ялыг халах шалтгааныг найман хэсэг болгож нэрлэлээ. Одоо миний хэлэх гэж байгаа зүйл бол зүгээр нэг шалтгаан бус бүр Монголын зовлон, цаазаар авах ялыг тойрсон жигшүүртэй зарим байдлын тухай юм. Би үүнийг Монголд цаазаар авах ялтай холбоотой, бас нэн даруй өөрчлөх хэрэгтэй онцгой нөхцөл гэж үзэж байна.

Онцгой нөхцөл нэг: Монгол улсад цаазаар авах ялаар шийтгэгдсэн л бол тэр хүний хувь заяанд хөндлөнгийн хяналт тавих боломж байхгүйтэй адил. Олон улсын хүний эрхийн байгууллагуудын санааг цаазаар авах ялтай орнуудаас хамгийн ихээр зовоодог гэж, жил бүрийн тайланд нь ордог орон дэлхийд дөрөв бий. Тэдгээрийн нэг нь Монгол улс. Тэр дөрвийн заримд нь цаазаар авах ялын хяналтыг сайжруулах, зарим талаар түүнийг эргэж харах, бүр цаазаар авах арга хэлбэрт нь хүмүүнлэг хандлага орж байгаа тухай олон улсын байгууллагууд дурьджээ.

Монголын хувьд цаазаар авагдсан хүмүүсийн мэдэлээл огт байхгүй, байгаа нэг нь ам дамжсан шинжтэй, энэ асуудлаар хамгийн муу үзүүлэлттэй орноор нэрлэгдэж байна. Бодит байдал ч ийм байгаа. Би энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэх гэж тодорхой байгууллага, албаны хүмүүсээс шаардлагатай мэдээлэл авсан. Цаазаар авах ялтай холбоотой тэдгээр мэдээллүүдийн дотор зөрүү гарч ирсэн. Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоосон зүйлийн нэг.

Манай улсад хуулинд зааснаар цаазаар авах ял гүйцэтгэх журам, ажиллагаа, гүйцэтгэсэн тухай баримт бичиг нь байнга, төрийн маш нууцын зэрэглэлтэй байдаг. Төр бол нийгэмд шударга ёсыг сахиулах үүрэгтэй. Шударга ёс нь огт мэдээлэлгүй, огт хяналтгүй орчинд хэрэгжих боломжгүй. Шударга ёс бол хүний эрхийг, хүнийг тойрч хэрэгждэг. Эзэнгүй шударга ёс гэж үгүй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн ялтанд ч хүний хувьд тодорхой эрх, хүндэтгэл байх ёстой. Монголд иргэн хүн цаазаар авах ял шийтгэгдээд, Ерөнхийлөгч түүний амийг уучлаагүй бол түүнээс хойшхи бүх үйл ажиллагаанд олон улсын байгууллагын болон дотоодын байгууллагын зүгээс хөндлөнгийн хяналт тавих, мэдээлэл авах ямар ч боломж байхгүй. Энэ хаалттай байдал ялтны өмгөөлөгч, ар гэрийнхэнд нь ч үйлчилдэг. Нүдгүй хар нүх, нөгөө ертөнц л гэсэн үг.

Монголчууд бид тиймэрхүү хар нүхийг хаах гэж, наад зах нь тийш гэрэл тусгах гэж хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулахаа өчигдөр ойг нь тэмдэглэсэн Үндсэн хуулиндаа тод заасан. Учир нь нэг л тийм нүх нийгэмд байвал тийшээ юу ч хамаагүй сорогдон алга болж болдог. Цааз тойрсон тэр нүхийг хаахын тулд эхлээд цаазаар шийтгүүлсэн хүнийг амьд байлгах нь, тэгээд зохих ялыг нь чанга эдлүүлж байх нь зөв юм гэж би шийдсэн.

Цаазаар авах ял шийтгэгдсэн, гүйцэтгэл нь хийгдсэн иргэний тухай улсын Ерөнхийлөгчийн хувьд надад ч бүрэн мэдээлэл байхгүй. Сайндаа л асууна. Сайндаа л илтгэл сонсоно. Хөндлөнгөөс өөр хүн мэдээгүй, хараагүй юмыг, Ерөнхийлөгч ч харах, мэдэх боломж байхгүй. Бусдын жишгээр цаазаар авах ялыг гүйцэтгэхэд хохирогчдын төлөөлөл байлцдаг, наад зах нь өмгөөлөгч нь хөндлөнгийн хяналт болж оролцдог бол тэнд юу болж өнгөрсөн тухай хүнд итгэл үнэмшил төрнө.

Цаазаар авах ялын эргэн тойронд янз бүрийн яриа байдаг. Харин уг ялыг гүйцэтгэдэг гэдэгт надад эргэлзээ алга. Гэхдээ л нууц учраас миний ч мэдэхгүй юм тэнд бий. Нэгэнт л нууц юм бол нууц л байдаг. Их нууцалсан юм бол илүү л нууц байдаг. Тиймдээ ч зүй ёсны хардлага сэрдлэг дагуулдаг. Энэ байдал намайг дараачийн онцгой нөхцөл рүү хөтөлж байгаа юм.

Онцгой нөхцөл хоёр: Цаазаар авах ялыг гүйцэтгэсний дараа цаазаар авахуулсан хүний цогцос тойрсон санал гомдол, хүсэлтүүд гарсан байдаг. Энэ бол ил тод болсон зүйл. Цогцосыг нь Монголд ар гэрт нь өгдөггүй. Амьдад нь гэмт хэрэгтэнд төрийн нэрийн өмнөөс дээд цээрлэл үзүүлж болно. Амьгүй цогцсыг төр үргэлжлүүлэн цээрлүүлж болохгүй.

Цаазлуулах ялаар шийтгэгдсэн амьд хүнд байтугай, цогцсонд нь тавих хяналт Монголд хомс байна. Ял сонсоод уучлал хүлээж байхдаа амиа хорлохыг завдсан, амиа хорлосон хүмүүсийн үлдээсэн захиасын нэг нь цогцсоо ар гэртээ шилжүүлэх, ойр дотныхныхоо хүрээлэлд оршуулагдахыг эрмэлзсэнд байдаг нь нууц биш. Энэ тухай саяхан нэг сонинд бичсэн байсан. Гүйцэтгэл хийгдэж булсан цогцос хүртэл бороо цасны үерт ил болж, шуугиан тарьсан тохиолдол бий.

Монголчууд бол хүний хойтоход хүндэтгэлтэй ханддаг хүмүүс. Цаазын гүйцэтгэл, цогцосны тухай сонсч байхад төрийн маш нууцын зэрэглэлтэй гарсан, тэр тухай Ерөнхийлөгчийн зарлигийн зарим заалт хэрэгждэггүй, хэрэгжүүлэх боломжгүй байдаг гэсэн үг ч чих дэлссэн. Ийм юм байж болохгүй нь хэнд ч ойлгомжтой.

Цаазаар авах ялын гүйцэтгэл тойрсон зарим байдалтай албаны хүн явж танилцсан. Мэдээллийг нь ч би сонссон. Мөн уг гүйцэтгэлд оролцдог гэж мэдүүлсэн албаны тодорхой хүнтэй уулзсан, санал бодлоо ч солилцсон. Бодит байдлыг сонсч байхад цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй байх нь зөв гэсэн миний итгэл үнэмшил улам нэмэгдсэн. Албаны нууц хүмүүс ч “Монгол улс цазаар авах ялын өнөөгийн практикт цэг тавих ёстой” гэж санал нэгдэж байсан.

Гэмт хэрэгтэн гэмт үйлдлээ нууцалдаг. Харин гэмт хэрэгтний хувь заяаг төр бүхэлд нь нууцлаад байх шаардлагагүй. Ер нь мөнхийн нууц гэж үгүй. Хэзээ нэгэн цагт Монголын нийгэм энэ тухай ярих л болно. Эртхэн яривал, эртхэн асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг. Миний ярьж хэлсэн чиглэлд хууль дүрмээ өөрчлөх, тоо баримтаа жигдлэх, үзэж шалгах, хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлэх зүйл олон бий. Энэ талаар шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэйг би ойлгосон.

Би хувьдаа цаазаар авах ялыг халах тухай Монгол улсын хууль тогтоох байгууллагад хандаж, өнөөдөр анх удаа ярьж байгаа юм биш. Одоогоос 19 жилийн өмнө тухайн үед анх удаа ардчилсан сонгуулиар сонгогдсон АИХ-ын нэг депутатын хувьд Үндсэн хуулийг хэлэлцэж байхад би энэ саналаа хэлж байсан. Тэр үед хоёр өдрийн турш цаазаар авах ялтай холбогдсон асуудлаар АИХ-ын депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнөж байсан юм.

Би цаазаар авах ялыг халах саналаа 8 зүйлийн үндэслэлээр хэлж байсан байх юм. Өнөөдөр энэ саналаа 8 бүлэг шалтгаан, дээр нь хоёр онцгой нөхцөлд тулгуурлаж УИХ-д илтгэж байна. АИХ-ын чуулганд 19 жилийн өмнө хэлж байсан үгээ өнөөдөр би сануулахдаа өөрийгөө сүрхий хүн болгож дөвийлгөх гэсэнгүй. Харин тухайн үед цаазаар авах ялыг халах саналыг дэмжиж байсан ард түмний төлөөлөл-депутатууд цөөнгүй байсан юм шүү гэдгийг дурьдах гэсэн юм.

Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлаа баталгаажуулах тэмцэл олон жил, олон зуун дамжин өрнөсөн. Ирэх 2011 онд Монгол улс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тогтоосныхоо 100 жилийн ойг тэмдэглэнэ. Аливаа орны эрх чөлөөт, бие даасан байдал тухайн орны иргэдийнх нь эрх чөлөө, бие даах чадвараар хэмжигдэх нь бий. Төрийнхөө нэрийн өмнөөс, тухайлбал ардчилсан орны хувьд нэг иргэнийхээ нэрийн өмнөөс нөгөө иргэнийхээ амийг хороодоггүй улс болж, уг билэгдэлт ойд бэлэг барихыг би нийт иргэдээсээ хүсэж байна.

Монгол улс бол түүхийн ч, эрх чөлөөний ч хувьд эрхэмсэг дүр төрхтэй орон. Иргэд нь ч ийм орон. Иймээс би Монгол хүний тэр эрхэмсэг байдлыг үхтэл нь доош хийж байгаа цаазаар авах ялын тухай яриаг Монгол улсад үүрд мартахыг хүсэж байна.

Монгол хүн бол цаазаар авагдах дорд хувь заяатай хүн биш. Тэнгэр заяатай, их хувьтай хүн. Монголчууд аа, миний ард түмээн, тэнгэр заяа, их хувь, сайн нэрээ хичээж нэр төртэй амьдарцгаая.

Баярлалаа.
  -----------------------------------------------------------------------------------------------

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба


11:11 AM | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Монгол бичиг сурах хүсэлтэй хүмүүст зориулав


Сүүлийн үед манай үндэсний соёлын томоохон өв болох монгол бичгээ сурах хүсэлтэй хүмүүс олон болжээ. Эдгээр сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй яваа залуустаа зориулан нэгэн таатай мэдээ дуулгахад анхан шатнаас эхлэн монгол бичгээ үнэгүй онлайнаар суралцах боломжийг манай дусал бүлгэмийн залуус бүрдүүлж өгч байна.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину! ...

хэмээн Бямбын Ренчин гуай "Монгол хэл" шүлгээ монгол бичгээрээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) бичин үлдээжээ.


Монголчуудын түүхэнд хамгийн урт удаан хугацаанд хэрэглэгдэж түүх, соёл, уламжлал, ёс заншлыг маань бидний амьдарч буй эрин хуртэл тээж авчирч ирсэн оюуны үнэт өв монгол бичгээ (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) сурч мэдэе, мэддэг нэг нь сэргээж харъя гэсэн хүмүүс мэдээж миний адил олон байгаа байх гэдэгт итгэж, тэдэндээ энэ нэт хуудсаа зориулж байна.
Монгол бичгийн бичлэг дуудлага хоёр зөрүүтэй байдаг. Гэхдээ бид англи дээр ч ингэж зөрүүтэй бичигддэгийг мэднэ. Гэхдээ энэ нь англи хэлийг дэлхийн олон нийтийн харилцааны гол хэл болоход, хэрэглэхэд ямар ч саад нөлөө үзүүлээгүй билээ. Үүнтэй адилханаар монгол хэлний (монгол бичгийн хичээл, mongol bichig surah) дурэм, эгшиг зохицох ёсоо мэдвэл энэ бичлэг дуудлагын зөрүүг ойлгоход тийм ч хэцүү биш билээ.

Цааш үргэлжлүүлэн уншихын тулд http://mongol-bichig.dusal.net/ сайтаар зочлоорой

Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хамгийн том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг".
Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу?
12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс авч Монгол хэлэнд зохицуулан анх Монгол бичгийг авч байсан гэх түүхтэй. Ямар ч байсан тэр үсгүүдээс аваад 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй боловуу. Монгол бичгийг Бидний Монголчуудын бичиг биш, бид бусдаас авсан гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна л даа. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Япон бичиг, хятад биш. Тэрэнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэнээс авсан нь чухал биш байхаа. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин крилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос байж ч болох талтай.
Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ.
Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцоглогтой...

2. Авцалдаа муутай, ойлгомжгүй крилл бичгийн дүрмээс Монгол бичигийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох. Нэгээхэн жишээ дурьдахад: http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html бичлэг болоод сэтгэгдэлд байгаа асуудлууд бүгд Монгол бичигт бол тулгарахгүй. Өөр олон хүнд крилл бичгийн иймэрхүү жишээнүүд байгаа гэж бодож байна.

3. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь крилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа. Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм.
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
http://bolorcms.com/badaa/
http://zorigt.blogspot.com

4. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь крилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судладаг олон хүн үүнийг батлах байхаа.

«...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...»

5. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Крилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ренчин гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярисаар, бичсээр ирсэн.
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь крилл бичиг өөрөө юм болов уу?

«...
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?

- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «… Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй ...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ. ...»

6. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно.

«...
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.

Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...»
http://zorigt.blogspot.com/2007/06/blog-post_29.html энэ жишээнээс бас харагдаж байгаа байх.

7. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.

г.м Монгол бичгийн крилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.

Энэ талаар http://forum.dusal.net/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно. Бас энэ ярилцлагыг уншаагүй байгаа бол уншаад үзээрэй!
http://origo.mn/index.php?z=/0/0/68/142/


Цаг үе нь тохиромжтой байна уу?
Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.


2008 © Энэ бичлэгийг нэмэлт засвар өөрчлөлтгүйгээр бол холбоос, хаяг, бичигчийн нэрийг дурьдалгүй бүх хэлбэрээр хувилан олшруулж тараах нь нээлттэй. Харин бичлэгт засвар, өөрчлөлт, нэмэлт хийсэн тохиолдолд мэдэгдэж, зөвшөөрөл авч байж нийтлэхийг хүсье!

8:26 AM | Шошго: , | Дэлгэрэнгүй »

Оюутны автобусны билетийг төрөөс даахаар боллоо



Оюутны автобусны хөнгөлөлтийн билет энэ сараас эхлэн 600 төгрөг болж байгаатай холбогдуулан Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

-Оюутны автобусны хөнгөлөлтийн билетний үнийг яагаад эрс багасгаж байгаа юм бэ. Энэ сараас эхлэн билетийг 600 төгрөгөөр үнэлэх юм уу?
-Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан. Ямар хугацаанд ийм үнээр явах нь тодорхойгүй байгаа. Учир нь Нийтийн тээврийн газраас түр журам баталсан байгаа. Бүх нийтийн тээврийг карт уншигчтай болгохоор төлөвлөж байгаа. Түүнчлэн Авто тээврийн болон Боловсролын тухай хуульд суралцагч оюутан нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ гэсэн заалтад нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгоно гэж өөрчилж байгаа бөгөөд хууль батлагдаж, нийтийн тээвэр карт уншигчтай болтол энэ тарифаараа явна.

-Энэ хугацааны зардлыг яаж зохицуулах вэ. Эрс багассан болохоор 6300 төгрөгийн ялгаа их л баймаар юм?
-Монголын оюутны холбоо нийслэлийн хэмжээний нийт 147 мянга гаруй оюутны 80 мянгад нь автобусны хөнгөлөлттэй зорчих эрхийн билетээр хангаж үйлчилдэг. Төрөөс улсын төсөвт 80 мянган оюутанд хөнгөлөлт үзүүлэхээр тооцож автобусны билетэнд 30,9 тэрбум төгрөг баталсан. Тиймээс нэгэнт төрөөс төсвийг нь баталсан болохоор холбоо оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалж байдаг байгууллагын хувьд энэ сараас эхлэн оюутнууддаа билетийг нь хөнгөлөлттэйгээр олгож эхлээд байна.

-Амралтын өдрүүдэд мөнгө төлж явна гэсэн. Билетийг тал үнээр үнэлээд ч юм уу амралтын өдрүүдэд хөнгөлөлтийн картаараа үйлчлүүлж болохгүй байсан юм уу?
-Бидний зүгээс их дээд сургуулиудад судалгаа явуулж амралтын өдөр хичээллэж байна уу, оюутан өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамрагдах боломж хэр байгаа, номын санд суух болон бусад үйл ажиллагаа хэр хэмжээнд явагдах талаар судлахад боломжгүй болж байсан. Нөгөө талаараа Хөдөлмөрийн хуульд ажлын таван өдөр ажиллана гэсэн заалт байдаг. Тэгэхээр амралтын өдрүүдийг хуулийн дагуу ажлын өдөрт тооцох боломжгүй, арав хүрэхгүй их дээд сургууль бямба гаригт хагас хичээллэдэг. Үүнээс үзэхэд амралтын өдрүүдэд оюутнуудад нийтийн тээврээр зорчих шаардлагагүй, илүү зардал гарч байна гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан. Мөн нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрүүдээр оюутнууд зорчигчийн тасалбараа аваад зорчих ёстой.


-Автобусаар үйлчлүүлж байгаа оюутнууд 21.00 цагаас хойш мөнгө төлж тасалбараа авч явах ёстой юу, кондукторын зүгээс ийм шаардлага тавьдаг шүү дээ?
-Энэ асуудал дээр Нийтийн тээвэр, Оюутны холбоо гэсэн хоёр байгууллага маань хамтарсан шалгалт хийж, хяналт тавих шаардлагатай байгаа юм. Яагаад Автобус компаниуд оюутнуудад есөн цагаас хойш хөнгөлөлтийн билетээр зорчуулахгүй, нэмэлт бичиг баримт шаардах, 100,200 төгрөг нэмж төл гэх мэт шахалт үзүүлээд байна гэхээр тухайн нийтийн тээврийн кондуктортой энэ асуудал шууд холбоотой байгаа юм. Эдгээр асуудал ямар ч үндэслэлгүй зүйл. Цагийн хувьд хязгааргүй зорчиж, нэмэлт бичиг баримт үзүүлж, мөнгө нэмж төлөх ч шаардлагагүй. Нэгэнт оюутны холбооноос оюутнууддаа үндэслэлтэйгээр хөнгөлөлтийн карт олгож байгаа болохоор энэ картын хүчинтэй хугацаа нь дуусаагүй болон гэмтээгүй эсэхийг шалгахад хангалттай. Эдгээр хүмүүстэй эргээд ямар хариуцлага тооцох вэ гэхээр, нэгэнт төр нөхөн олговрыг нь өгч байгаа, нийтэд үйлчилнэ гэж тендэрийг нь авсан л бол тэд 100 хувь үйлчлэх ёстой. Тэдний хөдөлмөрийн гэрээ байгаа болохоор хариуцлага тооцох боломжтой байгаа. Гэтэл оюутнууд маань санал гомдлоо хэлээд ороод ирдэг, холбоо барьдаг хэрнээ яг ямар автобусанд үйлчлүүлсэн, улсын дугаар нь хэд вэ гэхээр мэдэхгүй байдал их гардаг л даа. Тиймээс дээрх зөрчлүүд гаргасан автобусныхаа талаар мэдээлэлтэй ирвэл эргээд холбогдож хариуцлага тооцож, тухайн кондукторыг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна. Нийтийн тээврийн компаниуд оюутанд шахалт үзүүлвэл, Оюутны холбоо төрдөө хандана, төр эргээд нийтийн тээврийн компаниуддаа хандсан арга хэмжээ авч эхлэхээр Автобус компаниудад ашигтай болдог.

-Сүүлийн үед оюутнуудад хөнгөлөлтийн карт олгохдоо сургуулийнх нь сургалтын албаны даргын баталгаа авдаг болсон гэх юм?
-Монголын оюутны холбооны зүгээс, оюутан биш хэрнээ танил талаа ашиглан оюутны хөнгөлөлтийн карт авах, автобусны билетний үнэ хямдарсантай холбогдуулан хөнгөлөлтийн карт авахыг хүссэн оюутны тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа болохоор оюутнууддаа суралцаж байгаа сургуулийнхаа Сургалтын албаны даргын баталгааг заавал авчрах ёстой гэсэн мэдэгдэл гаргасан байгаа.

Мэдээний эх сурвалж:

10:03 AM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Даланзадгадаас бусад сумдад нутгийн хишиг тараагаад дуусч байна


Манай аймагт хэрэгжиж буй "Нутгийн хишиг" хөтөлбөрийн 2-р үе шат хэрэгжиж байна. Одоогийн байдлаар аймгийн сумдууд нутгийн хишигээ тараагаад дууссан бөгөөд хамгийн сүүлд Даланзадгад сум үлдээд байна. Мөнгө олгох сургаар Өмнөговийн хүн амын тоо эрс өсч өнгөрсөн жилийн тооллогоор 47 мянга гаруй хүн амтай байсан аймаг одоо бараг 51 мянга хүрэх гээд байгаа бололтой. Хүн амын нэгдсэн тооллого будлиантай байсан Цогтцэций, Ханбогд сумдын тооллогын эцсийн үр дүн гарч тус сумын иргэд хишигээ хүртэж эхэлжээ. Харин Даланзадгад сумын хэмжээнд бичиг баримтын зөрчилтэй 3 мянга гаруй иргэд байгаа учраас энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа олгох гэнэ. Нутгийн хишгээ авч чадаагүй иргэд байхад давхардаж авсан хүмүүс байгаа нь энэ ажлын үйл явцад сөргөөр нөлөөлж байна. Одоогоор засаг даргын захирамжийн дагуу энэ асуудлыг баг тус бүрээр шалгаж ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд албан бус мэдээгээр энэ сардаа багтаан олгох төлөвлөгөөтэй байгаа аж.

6:19 AM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд

Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  ЖДҮ-ийн талаар тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, “Үйлдвэржилтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэд сангийн төсөл шалгаруулалт, зээл олголт, зээлийн хэрэгжилтийн ашиглалтыг ХХААХҮЯ, ЖДҮГ, ЖДҮсангаас хамтарсан ажлын хэсэг 2009 оны 11 дүгээр сарын эхээр шалгаж үзлээ.

Өмнөговь аймагт дахь Хас банк ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг төсөл шалгаруулах замаар олгож, төсөл шалгаруулах дэд комиссыг аймагт байгуулсан.

Хас банкинд байршсан эх үүсвэр:
  • ХХААХҮЯамнаас 530,0 сая төгрөг
  • Орон нутгийн төсвөөс 30,0 сая төгрөг,
  • Хас банкны 178,5 сая төгрөг
  • Урд жилийн зээлийн эргэн төлөлт 31,4 сая төгрөг тус тус хас банкны жижиг дунд үйлдвэрийн санд байршуулсан байна.
Төсөл шалгаруулах дэд комисс нь сард 2 удаа хуралдаж санхүүжилт хүссэн 103 төслийг 7 удаагийн хурлаар хэлэлцсэн. Одоогийн байдлаар 46 төсөлд 716,9 сая төгрөг олгогдоод байгаа ба үлдэгдэл 53,0 сая төгрөгийг “Оёдлын үйлдвэр” байгуулах аж ахуй нэгжүүдийн дунд  төслийн уралдаан зарлаад байна.

Аймагт ЖДҮ хөгжүүлэхэд учирч буй бэрхшээл:
  • Аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт их байдаг тулд малын бэлчээргүй болж байна. Иймд фермерийн аж ахуй байгуулах талаар малчид ихээхэн сонирхож боловч Говьд эрчимжсэн мал аж ахуй хэрхэн хөгжүүлэх талаар туршлага бага .
  • Уул уурхайн компаниуд орон нутгаас хүнсний хангамжийг нийлүүлэх хүсэлт тавьсан боловч аймаг нийлүүлж чадахгүй байна.
  • Аймгийн хөгжлийн ирээдүй дардан байгаа боловч иргэд бизнесийн гарааны мөнгө байхгүйгээс жижиг бизнес хөгжиж чадахгүй байна.
  • Хоршоо байгуулахаас гадна ХАА гаралтай бүтээгдэхүүн худалдаалах  биржийг нэн яаралтай байгуулах хэрэгтэй байна.
  • ЖДҮ эрхлэх мэдээлэл хомс, зээлийн барьцааны хөрөнгө дутагдалтай
Нийт 46 төслийн 50 хувьд нь 10 саяаас дээш төгрөгийн зээл олгодсон ба 172 ажлын байр шинээр бий болсон байна. Түүнчлэн иргэд ,бизнес эрхлэгчтэй уулзаж санал бодолыг сонсож төр засгаас ЖДҮ хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууулж телевизийн шууд нэвтрүүлэг хийв.

Зээлийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийг салбараар ангилбал:
•    Хүнсний үйлдвэр 16, ХАА 13,
•    Барилгын материал 5,
•    Эм био бэлдмэл 1,
•    Ахуйн үйлчилгээ 6, 
•    Худалдаа үйлчилгээ 6,

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЖДҮ ЭРХЛЭХЭД УЧИРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ:
•    Уул уурхайн компаниуд орон нутгаас хүнсний хангамжийг нийлүүлэх хүсэлт тавьсан боловч аймаг нийлүүлж чадахгүй байна.
•    Аймгийн хөгжлийн ирээдүй дардан байгаа боловч иргэд бизнесийн гарааны мөнгө байхгүйгээс жижиг бизнес хөгжиж чадахгүй байна.
•    ЖДҮ эрхлэх мэдээлэл хомс, зээлийн барьцааны хөрөнгө дутагдалтай .
•    Хоршоо байгуулахаас гадна ХАА гаралтай бүтээгдэхүүн худалдаалах  биржийг нэн яаралтай байгуулах хэрэгтэй байна .

Өмнөговь аймгийн зах зээлийн багтаамжтай уялдуулан ЖДҮ хөгжүүлэх боломжууд

Сул  тал:
•    Сумд өөрийн гэсэн зорилгогүй, Дээд байгууллагын шийдвэр харсан,Төсвөө өөрөө бүрдүүлэх, захиран зарцуулах эрх байхгүй, чадварлаг боловсон хүчин дутагдалтай, ажилгүйдэл их, байгалийн баялаг ашиглалын үйл ажиллагаа орон нутгийн бодлогоос саланги.
Давуу тал:
•    Малын тоо өссөн, Эрчим хүчинд холбох нөхцөл бүрдсэн, байгалын үзэсгэлэнт газар түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, Уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн үүнийг дагаад ЖДҮ хөгжүүлэх нэн тааламжтай нөхцөл бүрдсэн.

Өмнөговь аймгийн бусад аймгаас онцлог нь төсөл хэрхэн бичих, менежмент, маркетингийн талаар сургалтыг орон нутгийн телевизээр тогтмол явуулдаг нь бизнес эрхлэгчдэд үр өгөөжтэй ажил болж байна.

Зээлийн ашиглалт зохих үр дүнд хүрч байгаа боловч санхүүжилт хугацаандаа олгогдохгүй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн асуудлын шийдвэрлэгдэх хугацаа удаашралтай, ЖДҮ эрхлэгчдийн мэдлэг, боловсрол, чадвар дутмаг зэргээс хамаарч зарим арга хэмжээ хугацаандаа чанартай  хэрэгжихгүй байх хандлага байна.

Аймгийн зарим сумдаар орж ЖДҮ эрхлэгчидтэй уулзсан талаарх мэдээлэл:
1. Баян овоо сум. Б.Өлзийбаяр даргатай Монгол Ухаан хоршоо нь 2009 оны 10 р сард 2 сая төгрөгний зээл авч оёдлын цех ажиллуулж байна. Авсан зээлийн мөнгөөр 2 оёдлын машин, эргэлтийн хөрөнгө бий болгожээ. Сумдаас иргэд өвлийн дээлний захиалгыг өгдөг. Нэг дээлийг  25000 ₮ төгрөгөөр хийдэг . Сардаа 500,0 мянган төгрөгний дээлний захиалга авдаг. Энэ хоршоо нь сумын дулааны станцын захиалгаар ажлын бээлий оёж нийлүүлдэг.
2. Даланзадгад сумын  иргэн Г.Анхбат ЖДҮ сангаас 2009 онд 8 сая төгрөгийн зээл авсан . Г.Анхбат  Урлах эрдэм сургууль төгссөн. Зээлийн мөнгөөр үйлдвэрлэлийн түүхий эд худалдан авсан . 2012 он гэхэд нийт 800 морин хуурь хийх тендерт ялсан тул түүхий эд  худалдан авах мөнгө хэрэгтэй байсан.  Бага хүүтэй ЖДҮ-ийн сангийн зээлийг удаан хугацаанд авсандаа сэтгэл хангалуун урам зоригтой хөдөлмөрлөж байна.
3. Хүрмэн сумын  Сүхбаатар зам ХХК   2009 оны 10 сард 40 сая төгрөгийн зээлийг ЖДҮ сангаас авсан. Уг компани хуучин сумын худалдаа бэлтгэлийн ангийн суурин дээр байгуулагдсан тулд үйлдвэрлэл явуулах зориулалтын байр талбайн хувьд хангалттай. Зээлийн мөнгийг эргэлтийн хөрөнгө, үйлдвэрийг сэргээх зориулалтаар ашиглаж байна. Сүхбаатар зам ХХК   талх, нарийн боов, зайрмаг, хиамны үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Эргэлтийн хөрөнгө дутагдалтайгаас үйлдвэрлэл жигд явуулж чадахгүй байсан байна.
4. Ханбогд сумын Баянцэнгүүн ХХК ЖДҮ-ийн сангаас талх нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 15 сая төгрөгийн зээлийг 2009 оны 9 дүгээр сарын 17-нд  авсан. 15 сая төгрөгөөр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох талх өсгөгч, шарах шүүгээ, гурил зуурагч, гурил хатаагч, хэрчигч зэрэг төхөөрөмжийг худалдан авчээ. Одоогоор талх нарийн боовны цех явуулах ажлын байрандаа засвар хийж үйлдвэрлэл явуулахад бэлэн болгосон. Зээл авснаас хойш эхний 2 сарын дотор зээлийн хүүгээ дэлгүүрийн үйл ажиллагаанаас төлж байна.

Эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрийн газар

5:13 AM | Шошго: | Дэлгэрэнгүй »

Мэдээний архив

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн