МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ

|

Өмнөговь аймгийн музейн танилцуулга

Өмнөговь аймгийн музей нь 10 ажиллагсадтай.Байгууллагын дарга, сан хөмрөгч, Бүртгэл мэдээллийн ажилтан, Сан хөмрөгийн эрхлэгч, тайлбарлагч, санхүүч, үйлчилгээний ажилчид-3 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Музей нь дэргэдээ захиргааны зөвлөл, үзмэр худалдан авах гэсэн 2 зөвлөл ажилладаг.
Манай хамт олон :Монгол улсын төрөөс баримтлах бодлого, соёлын өв болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх замаар Монгол улсын иргэд, ард түмний соёлын их өв, үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, судлаж сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн дамжуулах, эзэмших, сонгох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх эрхэм зорилго тавин ажиллаж байна.

Байгууллагын эрхэм зорилго: Музейн үзмэрийг нйитийн хүртээл болгох

Байгууллагын зорилго: Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлуулж, иргэдийн оюуны тодорхой эргэлт хэрэгцээг хангах, улмаар нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхэд оршино.
Байгууллагын зорилтууд:
1. Монгол улсын хууль, тогтоомж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар дүрмийг хэрэгжүүлэх
2. Соёлын өвийн хууль тогтоомж, үзмэрийг сурталчлах, олон нийтэд зориулсан соёл олон түмний ажлуудыг зохион явуулах
3. Үзүүлэн дэх үзмэрийн дэглэлтийг сайжруулж, үзэгч орлогын төлөвлөгөөг тогтмол биелүүлж ажиллана.
4. Сан хөмрөг, үзмэрийн баяжилтыг нэмэгдүүлэн, хадгалалт хамгаалалтыг сайжруулан ажиллах.
5. Архив,албан хэрэг хөтлөлтөнд стандарт дүрэм журмыг тогтмол мөрдөж ажиллах
6. Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
7. Музейг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, албан хаагчдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, тэдний ёс зүйн, сахилгын хариуцлагыг өндөржүүлэх, ажиллах орчныг бүрдүүлэх

Музейн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
~ Сан хөмрөгөө төлөвлөгөөтэйгээр байнга баяжуулан иж бүрдүүлэх, хайгуул цуглуулгын ажлыг зохион байгуулах
~ Үзмэр эд өлгийн хадгалалтыг хэвийн нөхцлийг бүрдүүлж, байнгын үзлэг хяналт явуулах, арчлан тордох, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
~ Сан хөмрөгийн баталгаат бүртгэл, бүртгэл мэдээллийн сан, төрөл бүрийн каталоги, лавлах материалуудыг зохих журмын дагуу бүрдүүлж ашиглах
~ Үзмэрийг хадгалахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таниулах, үзэсгэлэнд оролцуулах зэргээр аль нэг судалгаа сурталчилгааны арга хэмжээнд хамруулах
~ Музейн үзмэр, үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэл, уран сайхны зохистой шийдэлтэйгээр дэглэн байрлуулж, тогтмол баяжуулан шинэчлэх
~ Үзэгчдэд зориулан музейн байр танхимын цэвэр, тохилог орчныг бүрдүүлж, шуурхай чанартай үйлчлэх
~ Нийтэд зориулсан танин мэдэхүй сурталчилгааны ажлыг зохион байгуулах
~ Үзэгчдэд тайлбар сурталчилгааг бүрэн хэмжээгээр хйиж, зохистой хэлбэрийг сонгох
~ Байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа болон хилийн чанадад халин гарсан, нуун дарагдсан, нэн ховордсон дурсгалт зүйлийг эрэн сурвалжлах, олж авах, хамгаалах ажлыг зохион байгуулах

Музейн танилцуулга :
Өмнөговь аймгийн Музей нь 1948 оноос ОНСурвалжлах кабинет 1958 онд ОНСудлах Музей, 1991 оноос Аймгийн музей нэртэйгээр бүтэц зохион байгуулалт, үзмэрээ төрөлжүүлэн Түүх – угсаатны музей, Байгалийн Музей гэсэн салбараар жилдээ гадаад дотоодын 10000 гаруй хүнд соёлын үйлчилгээ, сурталчилгааны ажлаа явуулж байна.

Байгалийн музей. Дархан цаазат Ёлын аманд байрлах Байгалийн Музей нь 1984 онд байгуулагдсан говийн унаган байгаль, ховор болон ховордож байгаа ан амьтан ургамал, ашигт малтмалын дээж, одоогоос 250-65 сая жилийн өмнө Мезозойн эриний цэрдийн галавын хожуу үетэй холбогдох үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг чулуужсан мод ургамал далай тэнгис байсныг гэрчлэх загас жараахай, сээр нуруутны чулуужсан ховор олдвор үзмэр цуглуулгаар баяжуулан сурталчилгаа хийж байна. Хэрвээ та манай байгалийн музейгээр зочилвол: Дархан цаазат хавтгай, ёл шувуу, тас, сар, хойлог болон хадны суусар, хярс үнэг, чоно, аргаль янгир, хар сүүлт, цагаан зээр, хулангийн чихмэлүүдийг амьдрах орчинтой нь харуулахын зэрэгцээ мана, гартаам, чүнчигноров, оюу, номин, усан ба утаат болор, баргилт, хайлуур жонш зэрэг хагас эрдэнийн чулуулаг, алт, зэс, молибедин, хар цагаан тугалга, давс, нүүрс, байгалийн будаг зэрэг орон нутгийн ашигт малтмалуудын дээж үзмэрүүдээс говийн ба байгалийн үзэсгэлэнт газруудын тухай ойлголтоо нэмэгдүүлэх болно.

Түүх угсаатан зүйн музей Энэ музей нь говийн ард түмний зан заншил, шашин шүтлэг, ёс суртахуун, түүхэн замнал, түүх соёлын дурсгалт эд өлгийн үзмэрээр төрөлжүүлсэн 5 танхимтай судалгаа, лавлагаа, сурталчилгааны ажлыг тогтмол явуулж байна. Тус аймгийн нутаг нь эртний хүй нэгдэл чулуун ба хүрэл зэвсгийн үеийн олдворууд, шовийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатнууд, зураач, урчууд дархчуудын урлан бүтээсэн бүтээлийн дээжис тухайлбал Далай Чойнхор, Дарьгангын уран дархчуудын бүтээлтэй энэ зэрэгцэхүйц Ноён, Сэврэйн дархчуудын хйицийн мөнгөн эдлэлүүд, 5-р ноён хутагт Д.Равжаагийн хэрэглэж байсан хаш лимбэ, хүрлийн үеийн янгир толгойтой хутга, археологийн болон палеонтологийн холбогдолтой олдвор мөн говьд ховор онцгой үзмэрүүд нь үзэгч таны нүд булааж, сэтгэлд нэгийг бодогдуулан, мэдлэг оюунаа хөгжүүлэхэд тань тус дэм болно гэдэгт найдаж байна.

Та бүхнийг өмнийн цэнхэр говийн өвөг дээдсээс үе улиран хадгалж ирсэн түүх соёлын агуу их бүтээлийг үзэн баясаж оюуны алжаалаа тайлж зочлон ирж үзэхийг урьж байна.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 9:14 PM Мэдээний төрөл

0 comments for "Өмнөговь аймгийн музейн танилцуулга"

Сэтгэгдэл үлдээх

Мэдээний архив

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн